Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг “Конрад-Аденауэр”-ын сантай хамтран тэмдэглэнэ
    2018 оны 02 сарын 28 нд
    0a457089f1a9be0a6ef5308b911557a5.jpeg

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Испани улсад зохион байгуулагдсан Олон улсын  ардчилсан холбооны чуулга уулзалтад оролцсон билээ. 
    Энэхүү айлчлалын хүрээнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ  “Конрад-Аденауэр”-ын сангийн тэргүүн ноён Норберт Ламмерттай уулзаж, өнөөдрийг хүртэлх хамтын ажиллагаа болон ирээдүйд хамтран хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар хэлэлцлээ. 
    Тус сангийн Берлин дэх Академийн байранд болсон энэхүү уулзалтаар талууд “Конрад Аденауэр”-ын сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ой, мөн Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Монголын Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг хамтран тэмдэглэхээр  тохиролцов. Түүнчлэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тус сангийн тэргүүн ноён Норберт Ламмертыг ирэх онд Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьсан юм.
    Дашрамд дурдахад, ноён Норберт Ламмерт нь 2006 онд тохиосон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд Бундестагийн Ерөнхийлөгчийн хувиар оролцож байснаараа монголчуудын эчнээ танил болсон улстөрч юм.