С.Эрдэнэболд: Дүрмийг дарга ч, цэрэг ч мөрдөх ёстой
    2018 оны 03 сарын 09 нд
    f3817ad4532db110512e37d33ed7b41a.jpg

    Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны 410 гишүүнээс дүрмийн дагуу 127 гишүүнээ ротацид оруулж байгаа юм. Энэ шийдвэрийн талаарх байр суурийг нь тодруулахаар Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.


    -Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 100 гаруй гишүүнээ ротацид оруулж байна. Үүнийг Ардчилсан залуучуудын холбоо юу гэж харж байна вэ?

    -Эхлээд юу болсон талаар логик дараалалтай ойлгох ёстой. 2016 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам ард иргэдээс маш том даалгавар авсан. Ялагдал бол нэгдүгээрт, Сонгуулийн хуулийн огцом өөрчлөлт. Хоёрдугаарт, Ардчилсан намын дотоод эв нэгдлийн асуудал гэх мэт олон асуудалтай холбоотой. 2016 оны долдугаар сард намаа шинэчлэх хүсэлтэй гишүүд олноороо байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэд намаа фракцын зөрчлөөс гаргах, бодлого суурьтай, улс төрийн төлөвшсөн нам болох ёстой гэдэг үзэл бодол дээр нэгдсэн хүмүүс Монгол Улсын өнцөг булан бүрт байсан. Ардчилсан намыг шинэчлэхийн төлөө залуучууд маш хүчтэй дуу хоолойгоо илэрхийлж ирсэн.

    2016 оны зургадугаар сарын 18-ны ҮЗХ-ны хурал болоход бид шинэчлэгдэх шаардлагатай гэдэг зарчмын хэлж шаардлага хүргүүлж, хурал дээр нь олуулаа орсон. Ингээд хоёр сарын дараа шүүмжлэгч байр суурьтай болон шинэчлэхийг хүссэн хүмүүс нийлээд анхны хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэг хуралдаад Ардчилсан намын үзэл баримтлал, дүрэм, оролцоо, санхүүгийн ил тод байдал зэргийг хэрхэн шинэчлэх талаар ярилцаад 2016 оны арваннэгдүгээр сарын 16-нд ҮЗХ-ын хурал болж, АН-ын зургадугаар Их хурлыг хийх шийдвэр гаргасан.

    Тэрхүү Их хурал бол нэлээд галтай хурал болсон. 30 гаруй залуу дээлтэй “давхиж” ороод нэлээд шүүмжилсэн, шүүмжлүүлсэн их ч байлдсан. Зарим залуус маань хэн нэгэн хүнтэй улс төрийн талбарт хамтарч ажиллаж байсныхаа төлөө тэрний хүн, энэний хүн гэж шүүмжлүүлж ч байсан. Үндсэндээ 2016 оны сүүл үед Ардчилсан намын шинэчлэлийн төлөө таван том зарчим тогтсон.

    • Нэгдүгээрт, дүрмээ шинэчлэх ёстой.
    • Хоёрдугаарт, үзэл баримтлалаа шинэчлэх ёстой.
    • Гуравдугаарт, намын хүний нөөц эргэлттэй байх ёстой гэж үзээд намын дарга төдийгүй шат шатны намын хорооны гишүүд анхан шатнаас сонгогддог процессыг бий болгосон. Энэ үндсэн дээр Ардчилсан намын даргын сонгууль анх удаа 180 мянган гишүүдээсээ сонгогдсон.
    • Дөрөвдүгээрт, намын санхүү ил тод байх ёстой гэж үзээд хэн нэгэн хүний халааснаас их хэмжээний мөнгө гардаг биш, тодорхой хэмжээгээр улс төрд оролцогч талууд маань тэгш хэмжээтэй мөнгө гаргаад өрсөлддөг болсон.
    • Тавдугаарт, нам бол оролцоо дээр тулгуурлаж явах ёстой гэж үзээд 180 орчим мянган гишүүнээ шинэчлэн бүртгэсэн.

    Улс төрийн намыг бодлого суурьтай институт болгож байж парламент маань эрүүлжих боломжтой болох юм. Нам шинэчлэгдэх гол хүчин зүйл нь дээр дурдсан таван зүйл юм. 

    -Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос 100 гаруй гишүүн ротацид оруулснаар “зорилготой цэвэрлэгээ хийлээ” гэж үзэх нэгэн ч байна. Бодлогын хорооны гишүүддээ ямар аргачлалаар оноо өгсөн юм бэ?

    -Өнөөдөр том том албан тушаал хашиж байсан хүмүүс дүрмээ биелүүлэхгүй, залуучууд нь дүрмээ биелүүлнэ гэвэл шударга биш.Өнөөдөр дүрмийнхээ өмнө бүгд тэгш эрхтэй байя гэж байгаа юм. Өмнө нь Үндэсний зөвлөлдөх хороо нь 228 гишүүнтэй байсан. Залуучуудын зүгээс энэ тоог 500-д хүргэх, эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байсан. Ингээд Үндэсний зөвлөлдөх хороог Үндэсний бодлогын хороо болгон өөрчлөөд, 380 гишүүнтэй болсон. Энэ 380 гишүүн дээр УИХ-ын есөн гишүүн, цөөн хүн амтай анхан шатны байгууллагын квотыг нэмж 410 гишүүнтэй болсон. Эдгээр гишүүдийн 1/3-ийг жил бүр эргэлтийн сонгуульд оруулахаар дүрэмд заасан учраас бид дүрмийнхээ хүрээнд л ажиллаж байна. Үүний төлөө бид тэмцсэн шүү дээ. Хаагдмал, боогдмол хэдэн хүний ханцуйд асуудал шийдэгддэг байдлыг, мөн фракцийн зөрчлийг халах боломж нь энэ.

    Жишээ нь, Ардчилсан залуучуудын холбооны квот дээр 76 хүн орж ирсэн. Тэдний 1/3 нь ротацид орно. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны квот дээр мөн л 76 эмэгтэй орж ирснээс 1/3 нь ротацид орно. Чөлөөт суудал дээрээс Үндэсний бодлогын хороонд орж ирсэн 77 гишүүнийг оролцуулаад нийт 127 гишүүн ротацид орж байгаа. Хэрхэн ротацид оруулсан бэ гэхээр 39-өөс доош насны залуучуудын хувьд дөрвөн байгууллагаас үнэлгээ өгсөн. Ингэхдээ нэгдүгээрт, Ардчилсан залуучуудын холбоо болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос харъяалах квотын ҮБХ нарт тус бүр  30 хүртэлх оноо өгсөн. Ингэхдээ хурлаа таслаагүй, татвараа төлсөн, улс төрийн манлайлал, санаачилга гаргасан зэрэг үзүүлэлтийг авч үзсэн. Хоёрдугаарт, Үндэсний бодлогын хорооны салбар зөвлөлүүдээс 20 оноо авч байгаа юм. Гуравдугаарт, 25 оноог тухайн орон нутаг дахь намын хэрэг эрхлэх газраас авна. Дөрөвдүгээрт, 25 оноог төв намын хэрэг эрхлэх газраас өгнө. 

    Тэгэхээр Ардчилсан залуучуудын холбооны гишүүд дундаас хамгийн бага оноотой 25 хүн ротацид орж байгаа юм. Тэдгээр хүмүүс хөөгдсөн зүйл байхгүй. Өрсөлдөөн, онооны шалгуураар дахин өрсөлдөх боломжтой эргэлтийн сонгуульд орж буй хэрэг. 

    -Ротацид оруулж байгаа гишүүдээ шударгаар дүгнэж чадсан уу. Тэднийг үнэлэхдээ ашиг сонирхол агуулсан байж мэдэх юм гэдэг хардлага байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

    -Юм бүрийг хардаж болно, гэвч хардлагаа батлах ёстой. Жишээ нь Баабар гуай “119 гэмт хэрэгтэн шинээр орлоо” гэж хэлж байсан. Ингэж болохгүй, энэ хүн манай намын лидер хүн. Баабар гуайн амнаас баримттай зүйл гарах ёстой. Баабар гуай намын даргатай зөрчилтэй байдаг бол хоорондоо учраа олох ёстой. Хэрэв ротаци гэдэг зүйлийг хориглочих юм бол хүсээд байсан шинэчлэлийнхээ эсрэг үйлдэл болно. Эрх мэдэлд байгаа хүн нь түүнийгээ хадгалдаг тогтолцоог бэхжүүлж болохгүй, хүн бүрт боломж нээлттэй, тэгш өрсөлдөөний зарчим дээр АН зогсох ёстой. Бид жил бүр Ардчилсан намд орох, гарах суваг нь нээлттэй байя гэдэг зүйлийн төлөө явсан. Урьд нь дарга сайд байсан хүмүүс нь ямар ч арга хэмжээнд оролцохгүй, татвар төлөхгүй байж жирийн гишүүдийн орон зайд давуу эрхтэй байх юм уу. Ардчиллын зарчим бол давуу эрхтэй зарчим юм. 

    -Ардчилсан нам саяхан жагсаал зохион байгуулсан. Өөр ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ. Ямар арга хэмжээнд оролцсонгүй гэж үзээд гишүүдээ оноогоор дүгнэж байгаа юм бэ?

    -Үүнийг Ардчилсан намын удирдлагуудаас асуух хэрэгтэй. Би хувь гишүүний үүднээс хариулахад, 2016 онд бид ялагдсан. Бидэнд засах шаардлагатай зүйл байсан. Бидний “ах нар” эрх мэдэлтэй байх үедээ бие биенийгээ хууль хүчний байгууллагаар далайлгаж, бусармаг авир гаргасан. Хийх ёстой ажлаа ч хийсэн, хажуугаар нь зөрчил тэмцэл их байсан. Энэ байдлаас хаа хаанаа залхсан. Бид дотооддоо шинэчлэгдэж, үзэл баримтлал үндсэн дүрэм тодорхой болохгүй бол гадагш нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулна гэдэг бэрх. Тэгэхээр эхлээд Ардчилсан нам дотооддоо эмх, цэгцтэй болох ёстой. Нам ямар үйл ажиллагаа, акц явуулж байгаа юм бэ гэж та асууж байна. Татварын нэмэгдлийг эсэргүүцэж, шат шатандаа байр сууриа илэрхийлсэн. Засгийн газрын 100 хоногт үнэлэлт дүгнэлт өгсөн. Үүнээс гадна Үндэсний бодлогын хороо болон намын үзэл баримтлалын ажлын хэсэгт хэр зэрэг идэвхтэй оролцсон бэ, намын дүрэм дээр санал авахад хэр идэвхтэй оролцсон бэ энэ мэт зүйлийг харж оноо өгч байгаа. Шүүмжилье гэвэл өндөгнөөс ч өө хайж болно. Би энэ үгээрээ хэн нэгэн дарга цэргийг өмөөрч байгаа юм биш, бодитоор харахыг хичээж байна. Хүмүүсийн хоорондын зөрчил бол хувь хүний асуудал. “119 дээрэмчин орж ирлээ” гэдэг нь хуумгай дүгнэлт. Дүрмийг дарга ч, цэрэг ч ижилхэн мөрдөх ёстой. Шинэчлэлийн төлөө эрсдэл гарган тууштай зүтгэж буй залуусаа хүндэтгэх ёстой болохоос биш гутааж болохгүй. АЗХ-ны ҮБХ-д өрсөлдөж буй 25 залууг дээрэмжин гэж гүтгэх эрх хэнд ч байхгүй. Эмэгтэйчүүдэд дэвшиж буй 25-ийг ч бас дээрэмчин гэж бодохгүй байна. Мэдээллийн баталгаат бус эх сурвалжийг хөнгөмсгөөр дүгнэж түүнийгээ итгэл үнэмшил болгож олон нийтэд түгээх нь залуу үеэ хорлож буй санаатай гэмт үйлдэл юм. 

    -Үндэсний бодлогын хорооноос хасагдаад эргээд орсон гишүүн байгаа юу?

    -Үндэсний бодлогын хорооноос хасагдсан биш, ротацид орсон гишүүдийн 80 хувь эргээд нэр дэвшиж, өрсөлдөж байгаа юм. Үлдсэн 20 хувьд шинээр нэр дэвшүүлж байгаа. Нэр дэвших хүсэлтийг гуравдугаар сарын 7-ны 22.00 цагаас хаасан. Одоо хэн хэн нэр дэвшихээр болсон талаарх мэдээ нэгтгэл нь ирэх даваа гаригт гарах байх. Ингээд гуравдугаар сарын 20-доор  Үндэсний бодлогын хорооны сонгууль зохион байгуулагдах байх. Тэр үед бүх асуудал тодорхой болно. 

    Эх сурвалж: news.mn