И.Мөнхжаргал: Ардчилсан намын лидерүүдийн 28 жилийн улс төрийн карьерыг бид дүгнээгүй
    2018 оны 03 сарын 21 нд
    8d5a8d5ec26768fe936c2b8b5569c6c2.jpg

    Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалтай ярилцлаа.

    -АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ДОТООД СОНГУУЛИЙН 
    ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦДОГГҮЙ-

    -Ардчилсан намын эргэлтийн буюу Ротацийн сонгуультай холбоотой асуудал багагүй яригдлаа. Ямар учраас намын лидерүүдээ ротацид оруулсан юм бэ?

    -Ротацийн сонгууль бол улс төрийн намын удирдлагад байгаа гишүүдийн тодорхой хувь нь жил бүр эргэлтийн буюу ротацийн сонгуульд оролцож байдаг. Энэ бол нэг талдаа тухайн нам шинээр сэлбэгдэж байгаа л нэг үйл явц юм. Ардчилсан намын 2017 онд шинэчлэн батласан үндсэн дүрмийн хүрээнд жил бүр нийт Үндэсний бодлогын хороо болон бусад нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийн гуравны нэг дээр ротацийн сонгууль явагддаг. Сонгуульд орох гишүүнээ сонгоход хэл ам гарах тохиолдол байдаг л даа. 410 гишүүний гуравны нэгийг сонгоход маргаан гардаг. Ротаци зарлахын өмнө ротацид орж буй хүмүүсийнхээ ажлыг дүгнэдэг. Ингэж дүгнэхдээ 2017 оноос 2018 оны нэг жилийн ажлыг дүгнэдэг. Энэ ажлын бүтээмж, идэвхи оролцоог дүгнэхэд намын лидерүүд өртөж байгаа юм л даа. Ардчилсан намын лидерүүдийн 28 жилийн улс төрийн карьерийг бид дүгнээгүй шүү дээ. Зөвхөн нэг жилийн хугацаанд намын үйл ажиллагаанд хэрхэн оролцсон бэ гэдгийг л дүгнэж буй дүгнэлт юм. Ийм хоёр тусдаа асуудлыг хольж хутгаж, ойлголтын зөрүү гарсан байсан. Түүнээс биш намын лидерүүдээ шахсан ойлголт байхгүй.

     

    -Ардчилсан намын нэр бүхий гишүүд өөрсдөө намын үйл ажиллагаандаа идэвхигүй оролцсон учраас л ротацид оржээ. Харин үүнийг тэдгээр лидерүүд мэдэж байгаа юм бол яагаад Ардчилсан намын дотоод хагарал мэтээр яриад байгаа юм бэ?

    -Үүнийг улс төржүүлж, дэвэргэх ямар ч шаардлагагүй. Би энгийн жишээ хэлье л дээ. Энэ жил тойрог дээр байгаа гурван гишүүнээсээ аль нь сул ажилласан байна, түүн дээр Ротацийн сонгууль явуулдаг. Дүгнэхдээ, орон нутгийн нам, харъяалагдаж байгаа бодлогын зөвлөл, төв намаас гээд гурван дөрвөн хэлбэрээр нийт 100 онооны хамгийн бага оноо авсныг л ротацид оруулж байгаа юм. Ийм үйл явцыг гуйвуулах шаардлага байхгүй. Ротацийн сонгууль нь намын гишүүнийг намаас хөөж буй тухай ойлголт огт биш шүү дээ. Энэ бол Ардчилсан намын шинэчлэлтийн үйл явцыг харлуулж буй л нэг хэлбэр.

    -Ротацид орсон намын лидерүүд Ардчилсан намын дарга С.Эрдэнийг өөрийн хүмүүсээ Ротацийн сонгуулиар оруулж ирэх гэлээ хэмээн шүүмжлээд амжсан шүү дээ?

    -Үндэсний бодлогын хорооны гишүүн тухайн жилдээ намын хэрэг эрхлэх газартаа, бодлогын зөвлөлдөө өөрөө үйл ажиллагаагаа тайлагнаад оноогоо авах ёстой. Оноог нь нэгтгэж авдаг тэр байгууллага нь С.Эрдэнэ гэдэг хүн биш шүү дээ. Ардчилсан нам үндсэн дүрмээрээ шинэчлэлт хийгдээд гурван салаа мөчиртэй удирдлагын функцийг хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээрт, намын гүйцэтгэх засаглал улс төрийн бүхий л үйл ажиллагааг явуулах байгууллага нь С.Эрдэнэ даргаар удирдуулж байгаа. Хоёрдугаарт, Намын үндсэн дүрмийг сахиулан хэрэгжүүлж байгаа нь Үндсэн дүрмийн хороо гээд Намын их хурлаас байгуулагддаг. Гуравдугаарт, намын дотоод сонгуулийг байгуулах эрх бүхий намын их хурлаас байгуулагдсан байгууллага нь Намын дотоод сонгуулийн хороо буюу манай байгууллага юм. Энэ нь С.Эрдэнэ даргаар ямар нэг гарын үсэгтэй бичиг авахгүйгээр дүрмэнд заагдсан дотоод сонгуулиа зохион байгуулж, оноо нэгтгэх ажлыг Дотоод сонгуулийн хороо хийдэг. Тэгэхээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өөрт ногдож байгаа буюу намын хэрэг эрхлэх газраас өгч байгаа онооны санал ирүүлэх боломж л байгаа. Түүнээс дотоод сонгуулийн ямар нэг ажиллагаанд оролцох боломжгүй. Дүрмээрээ ийм хаалттай байдаг.

    -Ротацид орсон намын гишүүдийн хувьд дахин дэвших боломжтой юу?

    -Эргэлтийн ротацид орж байгаа хүмүүс буцаад дэвшиж байгаа шүү дээ.Ротацид орсон 116 хүний 80 гаруй хувь нь буцаад нэр дэвшчихсэн л байгаа. Нийтдээ 76 тойргийн 123 мандатын төлөө 143 хүн өрсөлдөж байгаа. Тэгэхээр буцаад сонгогдох магадлал өндөр байна гэж харж болно. Ротацийн сонгуулийн дүн энэ сарын 25-ны өдөр санал хураалт явагдана. Гэхдээ хоёр аймаг хойшлохоор болчихоод байна. Шүлхий гарсантай холбоотойгоор Булган, Өвөрхангай аймгийн санал хураалт хойшлохоор байгаа. Нөгөөтэйгүүр, ротацид орсон хүмүүс дахин сонгогдоод ч намынхаа үйл ажиллагаанд идэвхигүй оролцож байвал ирэх жил нь дахиад ротацид орно л гэсэн үг. Сонгогдсон хүмүүс дахин дахин ротацид ороод байхгүйн тулд намын үйл ажиллагаандаа идэвхитэй оролцоно л гэж бодож байна.

     

    -АРДЧИЛСАН НАМ МАШ ИХ ЗОРИГ ГАРГАЖ, ЭРСДЭЛ ҮҮРЧ 
    ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙГАА-

    -Ардчилсан нам 2016 оноос хойш шат шатандаа шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Та Ардчилсан намын залуу гишүүний хувьд тухайлбал намынхаа шинэчлэлийг хэрхэн харж байна вэ?

    -Намын шинэчлэлийн бодлогын тал дээр би залуу боловсон хүчний хувиар л хариулна. Ардчилсан намын бодлогын нам болж байгаа. Үндэсний бодлогын хороод Бодлогын зөвлөл гэж байгуулж байгаа. Бодлогын зөвлөл нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг дагаж байгуулагдаж байгаа. Яамдын чиг үүргийн дагуу тухайн салбар бүр дээр байгуулагдсан бөгөөд 2020 онд Ардчилсан нам Засийн газраа аваад бодлого хэрэгжүүлэхээр бол ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг бодлогоо л боловсруулж байгаа юм. Өнөөдрийн Улс төрийн намын тухай хуулийг харахад л Ардчилсан нам маш их зориг гаргаж, эрсдэл үүрч шинэчлэл хийж байгаа. Бусад улс төрийн нам болохоор Их хурлаасаа хэдэн хүн гарч ирээд нэр уншаад, хэнийгээ ч мэдэхгүй Бага чуулган ч юм уу хийгээд сонгодог. Харин Ардчилсан нам бол шат шатны удирдлагаа төрийн сонгуультай адилхан үйл ажиллагаа явуулж сонгодог. Энэ нь өөрөө улс төрийн намуудын дунд зөв соёл, жишиг тогтоохын эхлэл болно гэж үзэж байгаа. Мэдээж үүний тулд адармаатай олон замыг туулж, бэрхшээлтэй ч тулгарна шүү дээ. Гэхдээ нэгэнт өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд аль нэг улс төрийн нам манайлайлахгүй л бол хэзээ ч хийгдэхгүй. Тиймээс Ардчилсан нам өөрөөсөө эхэлсэн. Үүнд цаг хугацаа орно.

    -Ардчилсан намын энэ зорилго дор намын бүх гишүүд нэгдэж чадахгүй байгаа учраас Ротацийн сонгууль заримд нь хүнд тусаад байгаа юм биш үү?

    -Ардчилсан нам бол өөрөө ардчилалтай нам. Олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрдөг. Ардчилсан нам хэн нэгнийхээ дуу хоолойг хорьдоггүй. Тиймээс намын гишүүд ч дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлдэг нь Ардчилсан нам эрүүл байгааг харуулдаг. Шинэчлэлийн үйл явцад өөрсдөө идэвхигүй байж байгаад өртөх зэрэг ийм үйл явц байж л байдаг. Үүнийг заавал томоор харах шаардлагагүй л дээ.

    -Бодлогын зөвлөлд Ардчилсан намын залуусын төлөөлөл багтсан харагдаж байсан. Тэгэхээр Ардчилсан нам залуусаа бодлогоор хэр дэмжиж ажиллаж байна вэ?

    -Бодлогын зөвлөлд Үндэсний бодлогын зөвлөлийн 410 гишүүн хуваагдаж байгаа. Энд бүхий л насны төлөөлөл байгаа. Бодлогын зөвлөлөө толгойлуулж байгаа хүмүүсийн цөөнгүй хувь нь залуучуудаас бүрддэг. Энэ нь нам бодлогоор залуучуудаа  урдаа гаргаж байгаа гэж харж болно. Ротацид намын лидерүүд орсон ганц л шалтгаан байгааг би ярилцлагын эхэнд дурьдсан шүү дээ. Үүн дээр нэмээд хэлэхэд тойрог дээр байгаа гурван хүний хоёр нь залуу хүн, нэг нь намын лидер байлаа гэж бодъё. Тэгэхээр 410 хүнийг жагсаагаад доод талаас нь авахгүйгээр нэг тойрог дээр байгаа гурван хүний нэг нь ордог болчихоор хоёр залуу нь идэвхитэй ажилласан байдаг ч юм уу. Гэтэл лидерүүд маань намынхаа хуралд суухгүй, үйл ажиллагаанд төдийлөн идэвхигүй явсаар бага оноо авчихаар яалт ч үгүй ротацид орчихоод байгаа юм. Улс төрийн нам лидерүүдээ ротацид орж байгааг нь зарлахгүй байж болохгүй шүү дээ. Бид өнөөдөр Ардчилсан намын лидерүүдийн 28 жилийн улс төрийн карьер, үйл ажиллагаагаар нь дүгнэвэл залуучууд тэдэнтэй яаж өрсөлдөх юм бэ. Шударга биш болчих нь шүү дээ. Залуучуудад боломж олдохгүй. Э.Бат-Үүл даргын 28 жилийн улс төрийн карьерыг улс төрд ороод удаагүй нэг залуутай жишээд, харьцуулна гэвэл шударга биш харьцуулалт болно. Тиймээс ердөө л жилийн хугацаанд намынхаа үйл ажиллагаанд хэр идэвхитэй оролцсон бэ гэдгээр нь л дүгнэдэг нь өөрөө шударга, ардчилсан тогтолцоо юм.

    Ц.ТАМИР

    Эх сурвалж: medee.mn