АРДЧИЛСАН АХМАДЫН ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

Ардчилсан Ахмадын холбооны IY чуулган 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан. Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн Ардчилсан намаас нийт 218 төлөөлөгчид сонгогдон оролцон дараах асуудалуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Ардчилсан Ахмадын Холбооны дүрмийн төслийг хэлэлцэж батлах.
  2. Зохион байгуулалтын асуудал.
  • Ардчилсан Ахмадын Холбооны тэргүүнийг сонгож батлах
  • Ардчилсан Ахмадын Холбооны дэд тэргүүн нарыг сонгож батлах.
  • Ардчилсан Ахмадын Холбооны тэргүүлэгчдийг сонгож батлах

Чуулганы төлөөлөгчдийн олохний саналаар Ардчилсан Ахмадын Холбооны дүрмийг баталж, холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд асан Шаравжамц овогтой Батбаяр сонгогдолоо. Мөн Дэд тэргүүнээр Я.Пүрэвдорж, Ц.Баттулга, О.Цоодол, Ш.Доржпагма, Тэргүүлэгчдээр Ц.Хурцбилэг, З.Мэндсайхан, Б.Наранцэцэг, Ш.Ороссүх, Ч.Отгонбаяр, Д.Оюунчимэг, Д.Лхамсүрэн нар сонгогдож, холбооны нарийн бичгийн даргаар Н.Алтанцэцэг ажиллаж байна.

Ардчилсан Ахмадын Холбооны зорилго : Нийгэмд ардчилсан үзэл санаа, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, нээлттэй нийгмийг төлөвшүүлэхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөмж өгөх, төрөөс ахмадуудын талаар явуулж буй бодлогод санал бодлоо хүргэх, намын бүх шатны байгууллагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд зөвлөх, намын ахмадуудын эрхийг хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулахад оршино.

Үйл ажиллагааны зорилт, чиглэл:

  • Ардчиллын үнэт зүйл болох эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, олон ургальч үзэл, ардчилал, хүний эрх, зах зээл, хувийн өмч, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, эрх зүйт төрийг бий болгох зэрэг үндсэн ойлголтыг залуу үедээ өвлүүлэх;
  • Ардчилсан Намын ахмадуудын дуу хоолой болж тэдний санал сонирхол, эрх ашгийг хамгаалах, зөвлөмж, хүсэлт санаачлагыг намын удирдлагад уламжлан эргэх холбоог бүрдүүлэх;
  • Ардчилсан Намаас явуулж байгаа үйл ажиллагааг дэмжин, Намын Их хурлуудаас гарч буй бодлого, зорилт, шийдвэрийг сурталчлахад идэвхтэй, нэгдсэн зохион байгуулалттай оролцох.
  • Ардчиллын үйл хэргийн төлөө ажил амьдралаа зориулж ирсэн ахмад зүтгэлтэний нийгмийн асуудлыг төрийн бодлого шийдвэрт тусгуулах тал дээр анхааран ажиллах;
  • Намын залуу боловсон хүчнийг шилж сонгохтой холбогдсон асуудлаар санал, зөвлөмж боловсруулан үнэлэлт, дүгнэлт гаргаж намын байгууллагад танилцуулах;
  • Улс төр, эдийн засаг, үндэсний эв нэгдэл, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлаар намын ахмад үеийнхний санаа бодлыг илэрхийлсэн уриалга, илгээлт, мэдэгдэл, захидал зэргийг олон нийтийн анхааралд хүргэх;
  • Ардчилсан Намын ахмад гишүүд, дэмжигчид, эрдэмтэн судлаачдын дүгнэлт санал, санаачлагыг намын байгууллагад уламжлан, цаашид баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд нь идэвхтэй оролцох;
  • Ардчиллыг бэхжүүлэх зорилго бүхий олон улсын ижил төстэй байгууллагуудтай ажил хэргийн холбоо тогтоон хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх;
  • Ардчилсан Намын дотоод эв нэгдлийг бэхжүүлэхэд ахмад гишүүд үлгэр дууриал болж, манлайлан оролцох;
  • Бүх шатны сонгууль болон цаг үеийн ажилд ахмадуудын хүчийг нэгтгэн зохион байгуулж, идэвхтэй оролцуулах;
  • Авьяас чадвартай бүтээлч ахмадуудын дунд мэргэжил боловсрол болон урлаг, спортын чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулан ажиллана.