АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТАЛААР ТОВЧХОН

1206 онд Их Монгол улс байгуулагдсан түүхэн үйл явдлыг бэлгэдэн ардчиллын төлөөх улс төрийн намууд 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Их Хурлаа хийж, Ардчилсан намыг байгуулсан билээ. Энэхүү нэгдэлд оролцогч улс төрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллагууд эвсэн нэгдэж, 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр анхны Үндэсний чуулганаа хуралдуулж, Ардчилсан намын дэргэдэх албан ёсны залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбоог үүсгэн байгуулсан юм.

Холбооны үйл ажиллагааны чиглэл:

  • Ардчилсан үзэл санаа, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, нээлттэй нийгмийг төлөвшүүлэх
  • Залуучуудын нийгэм, улс төрийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн боловсролыг дээшлүүлэх, чадавхжуулах, төр болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад төлөөллийг нь нэмэгдүүлэх
  • Төрөөс залуучуудын талаар явуулж буй бодлого, гарах шийдвэрт нөлөөлөх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх, гардан хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох
  • Ардчилсан намын бодлого, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэмжин ажиллах
  • Олон улсын ижил төстэй залуучуудын байгууллагуудтай хамтран ажиллах

Ардчилсан Залуучуудын Холбоо нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зургаадугаар Үндэсний чуулганаа зохион байгуулж, одоогийн удирдлагын багийг сонгосон билээ. Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгч, 5 Тэргүүн дэд Ерөнхийлөгч, 10 Дэд ерөнхийлөгч, Бага чуулганы 82 гишүүн, Удирдлагын зөвлөлийн 60 гишүүн, Хяналтын зөвлөлийн 5 гишүүн, Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, бүх сумдад салбар байгууллагатай, нийт 50 гаруй мянган гишүүн, дэмжигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус холбооны Ерөнхийлөгчөөр Сүхбаатарын Дэмчиг сонгогдон ажиллаж байна.

Ардчилсан Залуучуудын Холбооны гишүүн, дэмжигч нараас төр болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагуудад олон зуун залуучууд сонгогдон үр бүтээлтэй ажиллаж байгаа нь тус холбооны боловсон хүчний үндсэн цөм болж байгаа юм.