© Ардчилсан нам. 2011-2020
2020/11/11 / Үйл явдал

АН-ын удирдлагууд Их хурлаа хойшлуулах уу, онлайнаар хийх үү гэдгийг гишүүдээсээ асууж байна


Ардчилсан нам X Их хурлаа энэ сарын 16-ны өдөр буюу ирэх даваа гаригт зохион байгуулж дүрмийн шинэчлэл, намын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байв. Гэтэл нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж коронавирусийн халдварын тохиолдол дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос гурав хоногийн хөл хорио тогтоон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглоод байна.

Улсын онцгой комиссоос гаргасан дээрх тогтоол, шийдвэртэй холбогдуулан Ардчилсан нам X Их хурлаа товлосон хугацаандаа зохион байгуулж чадах эсэх тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Тиймээс өнөөдөр Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Хэрэг, эрхлэх газрын дарга П.Нүрзэд нар 21 аймаг, есөн дүүргийн намын удирдлагуудтай цахимаар холбогдох Их хурлын тов, зохион байгуулалтын асуудлаар саналыг нь сонслоо.

-Ц.ТУВААН: ИХ ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ҮДЭЭС ХОЙШ ШИЙДВЭР ГАРГАНА-

Энэ үеэр Ц.Туваан “Бидэнд шийдвэрлэх асуудал гарсан. Тиймээс бүх аймаг, дүүргийн дарга нартайгаа цахимаар ярилцаж саналыг нь сонсох гэж байна. Хугацааг хойшуулах уу, онлайнаар хийх үү гэдэг асуудлаар нам руу гаа саналаа хэлээрэй. Та бүхний саналыг аваад 12.00 цагт Нийслэлийн нам дээр дүүргийн дарга нар хуралдаж үдээс хойш намын удирдлагын зүгээс шийдвэр гаргана. Энэ шийдвэрээр намын Их хурлыг зохион байгуулна. Үндэсний аюулгүй байдал, Улсын онцгой комиссын шийдвэр ч энэ хугацаанд гарчих байх” гэлээ.

Харин орон нутгийн удирдлагуудын зүгээс 12 дугаар сарын 06-ны өдөр гэхэд намын даргаа сонгосон байх ёстой учраас ямар нэгэн байдлаар Их хурлыг зохион байгуулах хэрэгтэй. Тодруулбал, цахимаар хуралдаж намын дүрмийн шинэчлэл, даргыг сонгох үйл ажиллагааг зохион байгуулъя гэсэн саналыг хэлж байв. 

Ардчилсан намын Их хуралд 21 аймаг, есөн дүүргийн 1200 төлөөлөл оролцохоор төлөвлөсөн ч өнөөдрийн нөхцөл байдлаар цуглах боломжгүй байна гэдгийг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан энэ үеэр сануулсан юм. 

ШУУД ҮЗЭХ: